top of page

Onch & Company санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох шинэ үйлчилгээ эхлүүлж байна

Onch & Company нь Монгол улсын хөрөнгийн зах зээлд санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох үйлчилгээ зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байгааг судалсны үндсэн дээр компанийн зээлжих чадварт бүрэн хэмжээний, олон талыг хамарсан үнэлгээ хийж, компани болон өрийн хэрэгслийн санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох шинэ үйлчилгээ албан ёсоор эхлүүлж байна.


Онч Кредит Рейтинг Эйжинси ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ш.Норжинбат "Манай нэвтрүүлж буй шинэ үйлчилгээ нь Onch & Company-ийн төдийгүй Монголын санхүүгийн салбарын түүхэнд цоо шинэ хуудас нэмж байна. Бид өнгөрсөн 3 сарын сүүлээр Санхүүгийн Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрлөө авч хөрөнгийн зах зээлийн оролцогчдын өмнө тулгамдаад байсан нэг гол асуудлыг шийдвэрлэх боломжтой боллоо. Манай компани олон улсын туршлагатай, дотоодын зах зээлийн онцлогийг мэддэг, мэргэжлийн томоохон байгууллагын хувьд үнэн бодит мэдээлэлд түшиглэсэн зэрэглэл тогтоох үйлчилгээ нэвтрүүлснээр хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргах хурдыг нэмэгдүүлж, бизнес эрхлэгчдийн хувьд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрээ цаг алдалгүй олж авахад туслах болно” гэлээ.


Онч Кредит Рейтинг Эжинси ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Зориг ба ТУЗ-н хараат бус гишүүн Станислав Дубко 

Онч Кредит Рейтинг Эйжинси нь зэрэглэл тогтоох үйлчилгээндээ дараах зарчмыг баримтална:

·       Эрсдлийн хүчин зүйлсийг цогцоор үнэлэх: Байгууллагын санхүүгийн байдал, өрийн түвшин, мөнгөн урсгал, салбарын чиг хандлага зэрэг эрсдлийн олон хүчин зүйлсийг нэгбүрчлэн судалж, шаардлагатай тохируулгыг хийснээр хамгийн бодитой үнэлгээ гаргана.

·       Мэргэжилтний бие даасан дүгнэлт: Санхүү болон зээлийн үнэлгээний чиглэлээр мэргэшсэн, туршлагатай шинжээчдийн бие даасан, хараат бус дүгнэлтэнд үндэслэж экспертийн баг эцсийн зэрэглэл тогтооно.

·       Мэдээлэл болон зэрэглэлийн тогтмол шинэчлэлт: Зохицуулалтын орчин, зах зээл, бизнесийн үйл ажиллагаанд гарч буй өөрчлөлтүүдийг тогтмол ажиглан, мэдээллийн бааз болон зэрэглэлийг шинэчилснээр хөрөнгө оруулагчид цаг үеийн зөв мэдээлэлд түшиглэж оновчтой шийдвэр гаргахад тусална.


Санхүүгийн чадавхын зэрэглэл нь хөрөнгө оруулагч болон бизнес эрхлэгчдэд аль алинд нь чухал шаардлагатай, хэрэгцээтэй, үнэ цэнэтэй. Бидний үйлчилгээ нь цаг үеэ олсон, үнэн бодит мэдээлэлд тулгуурлах учраас хөрөнгө оруулагчдын шаардлагад бүрэн нийцсэн, бизнес эрхлэгчдийн урт хугацааны зорилгыг хангах, санхүүгийн зах зээлийн дутагдаж байгаа орон зайг нөхөх үйлчилгээ байх болно.

Зэрэглэл тогтоох үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.onch-rating.mn болон info@onch-rating.mn хаягаар холбогдон авна уу.

33 views0 comments

Comments


bottom of page